Түгээмэл асуулт, хариултууд

       Аливаа барилга байгууламжийн зураг төслийн үнийг хэрхэн тооцдог вэ?

            Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахал захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд үнэ тодорхойлохдоо МУ-ын барилга байгууламжийн жишиг үнийн норм дүрэм БД 81-16-20 дүрмийг хэрэглэдэг. Барилгын зураг төслийг загвар зураг, эх загвар зураг, ажлын зураг гэх 3 үе шатаар ангилна.

      "Загвар зураг" нь барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ. Загвар зургийн үнийг жишиг үнийг зураг төслийн ажлын жишиг үнийн  15-аас багагүй хувиар тооцдог. /Амьдралд зургийн энэ хэсэгт захиалагч гүйцэтгэгч талтайгаа зөвшилцөн өөрчлөлтүүдээ чөлөөтэй хийлгэх боломжтой ба энэ үе шатнаас хойшоо өөрчлөлт хийх нь эдийн засгийн болон цаг хугацааны алдагдалд оруулдаг./

         "Эх загвар зураг /эскиз/" нь инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичиг юм. Нийслэл, хот, аймгийн ерөнхий архитектор, эрх бүхий байгуулгаар батлуулах шаардлагатай байдаг. Эх загвар зургийн жишиг үнийг зураг төслийн ажлын жишиг үнийн 35-аас багагүй хувиар тогтооно. /Нийслэлийн зохих эрх бүхий байгууллагаар батлагдах зураг/

         "Зураг төсөл /Ажлын зураг/" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ. Ажлын зургийн үнийг тухайн барилгын нийт талбайг  1м2 талбайн зураг төслийн ажлын жишиг үнийн БД 81-16-20-ын Хүснэгт 9 заасан төвөгшилийн ангиллын дагуу харгалзах үнээр тооцдог ба жишиг үнэнд хэрэглэх илтгэлцүүрийг газрын нөхцөл, барилгын онцлог зэргээс хамааран энэхүү дүрмийн  4.21-д заасны дагуу хэрэглэж ажлын зургийн нийт үнэ гарна. Ажлын зураг бусад үнийг тогтоохдоо БД 81-16-20-ийн 4.9-дагуу тогтооно.

       Барилга байгууламжийн зураг төслийн захиалга өгөхөд юу анхаарах вэ?

           Барилга байгууламж нь томоохон үл хөдлөх хөрөнгө учраас тухайлсан нэг хүний хөрөнгө гэхээс илүү хотын өнгө үзэмжид ч нөлөөлдөг, мөн тэр бүсийнхээ цаашдын хөгжлийн дүр төрхийг өөртөө агуулдагаараа онцлогтой. Тийм ч учраас зураг төсөл сайн хийгдэх цаашлаад барилгын угсралт, хөгжлийн чиг хандлагад чухал нөлөөтэй юм. Зураг төслийг чанартай гүйцэтгэхэд бодит зарцуулагдах цаг хугацаа, гүйцэтгэгч инженер техникийн мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага чухал нөлөөтэй. Аливаа зураг төслийг гүйцэтгэхэд ажлын цар хүрээнээс хамаарч  2-3 сар байдаг үүнд судалгаа, консепт, тооцоолол зэрэг багтана. Өөрөөр хэлбэл чанартай ажил гүйцэтгэлийн хугацаанаас шууд хамаардаг гэдгийг анхаарч барилгын зураг төсөл хийлгэх хувь хүн, аж ахуйн нэгжүүд бодит цаг хугацаагаа зөв тооцож захиалагаа өгөх нь чухал юм.